Д.ЦОГТБААТАР ЖЕЙМС СТАЙНБЕРГТЭЙ УУЛЗАВ
Вашингтон хотноо ажиллаж буй Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар энэ сарын 27-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жеймс Стайнбергтэй уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа түүний дотор Монгол Улс 2011-13 онд Ардчилсан орнуудын хамтын нийгмэлэгийг даргалахтай холбогдуулан хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцов.
*** *** ***
Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Л.Крэйнэр, Вашингтонд суугаа Литвийн Элчин сайд Ж.Павилионис, Польшийн Элчин сайд Р.Купецки, АОХН-ийн Байнгын нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирал Б.Миштал, Брүкинс судалгааны төвийн Гадаад бодлогын газрын захирал Т.Пиккони нартай тус тус уулзаж, АОХН-ийг даргалах хугацаанд Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, энэхүү байгууллагын үүрэг, нэр хүндийг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.
Талууд манай улсын тэргүүлэх ач холбогдол өгч ажиллах чиглэлүүд болох ардчиллын боловсрол, иргэний нийгмийн байгууллагыг төлөвшүүлэх,бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр улс орнуудтай хамтран ажиллах, туршлага хуваалцах зэрэг зорилтуудыг дэмжиж, хамгийн чухал эдгээрийг амьдралд хэрэгжүүлэхийн чухлыг зөвлөж, харилцан дэмжиж ажиллахаа нотлов.
Төрийн нарийн бичгийн дарга Хойд Америк, Монголын Биснесийн Зөвлөлийн 21 дугаар хуралдаанд оролцож, “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр үндсэн илтгэл тавив. АНУ-ын Худалдааны департамент, Канадын худалдааны комисс, АНУ, Канадын хувийн хэвшил, төрийн бус байгууллагын 80 шахам төлөөлөгч оролцов. Элчин сайд Х.Бэхбат төлөөлөгчдөд зориулж ЭСЯ-нд хүлээн авалт хийв.